Зүүнбаянгийн төмөр замд цэргийн 8 анги ажиллаж байна
Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм. Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байгаа аж. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын 1-н гэхэд зөрлөгийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Төмөр замын зураг төслийг төрийн өмчит компани хийсэн бөгөөд цэргийн найман ангийн алба хаагч, 64 аж ахуйн нэгжийн нийт 2,300 хүн, 1,300 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын далангийн ажил хийхэд хүндрэл учруулж байгаа аж. Гүйцэтгэгч байгууллага хэрэгцээт балласт чулуугаа энэ өвөл бэлтгэх юм. Мөн 36 худаг гаргахаас дөрвөн худаг гаргаад байна.
Энэ төсөлд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл гэж Засгийн газар үзэж буй юм.